WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-18 10:31:57
ВАШИНГТОН. /ТАСС/. Сирийн зүүн хойд нутагт оролцоог нь бэхжүүлэхэд үзүүлэх дэмжлэгийн хувиар Саудын Араб АНУ-д 100 сая ам.доллар төлжээ. Энэ тухай “The Washington Post” сонинд мэдээлсэн байна.

Тус сонинд онцлон тэмдэглэж буйгаар, төлбөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Саудын Арабын эрх баригчидтай тус улсын сэтгүүлч Жамаль Хашоггигийн сураггүй алга болсонтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр Эр-Риядад хийсэн айлчлалтай давхацжээ.

Одоогийн байдлаар Сирийн хойд хэсэгт Евфрат мөрний зүүн эрэг орчмын газар нутаг АНУ-ын хяналтад байна. Тус улс тэнд дийлэнх нь курдүүдээс бүрдсэн “Сирийн ардчилсан хүчин” зэвсэгт эвсэлд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Мөнгөн шилжүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн террорист “Лалын улс” байгууллагатай тэмцэхэд бусад оронтой хамтран ажиллах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Бретт Макгурк лхагва гарагт нотолжээ. Түүний хэлснээр, энэ төлбөр Хашоггигийн хэрэгтэй эсвэл Помпеогийн Саудын Арабад хийсэн айлчлалтай огт холбоогүй. “Дурдсан мөнгийг бүр эртнээс шилжүүлнэ гэж хүлээж байсан бөгөөд сүүлд өрнөсөн үйл явдлуудтай огт холбоогүй” гэж тэрбээр мэдэгджээ.
Холбоотой мэдээ