“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-18 14:28:01


Увс /МОНЦАМЭ/. “Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа  Б.Гиваан баатарын талбайд болж, шилдгүүдээ шалгарууллаа. Үзэсгэлэн худалдааны сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд Зүүнговь сумын “Ногоон худаг” хоршоо, Зүүнговь сумын иргэн Х.Цэцэгмаа, гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд Цагаанхайрхан сумын “Оч Заяа” ХХК, төмс, хүнсний ногооны бүтээгдэхүүний төрөлд Улаангом сумын IV багийн ногоочин Г.Оюунгэрэл, жимс, жимсгэнэ, үр, суулгацын төрөлд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс салбар тус тус тэргүүлэв.

Мод, модон бүтээгдэхүүний төрөлд Түргэн сумын “Арвижих Рашаан” нөхөрлөл, хувцас, гутал, зөөлөн эдлэлийн төрөлд Наранбулаг сумын иргэн Ч.Батчулуун, Малчин сумын иргэн Т.Лхагвасүрэн, сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн төрөлд Завхан сумын иргэн Б.Дэлэгийн ингэний айраг, импортыг орлох бүтээгдэхүүн төрөлд “Увс Хүнс” ХХК-ийн Чацарганы үрийн тос, шилдэг оролцоотой сумаар Зүүнговь, Наранбулаг, Тэс сум шалгарав.

Мөн "Увс түншлэл-2018" үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцсон Улаангом сумын иргэн Т.Цэвэгмид, Малчин сумын иргэн Б.Соёл-Эрдэнэ, Улаангом сумын иргэн Б.Баянмөнх нарыг ХХААГ-ын өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулсан юм. Шилдгүүдийн шагналыг аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар гардууллаа.

                                                                                                                                   Б.Батхүү

Холбоотой мэдээ