“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-18 11:33:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ сарын 20-30-ныг хүртэл улс орон даяар “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор зохион байгуулна.

Жил бүрийн 5, 10 дугаар сард “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна хэмээн өнөөдөр Уран зургийн галерейд болсон хэвлэлийн бага хурал, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдээлэв. Мөн энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд Дархлаажуулалтын хөтөлбөрийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтад авч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан. Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртэлх насны хүүхдэд 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч дархлаажуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг” хэмээн онцлов.




ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Дархлаажуулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилт”-ын хэрэгжилт болоод бүх нийтийн хамралтын нэгдсэн зорилгын хүрээнд Номхон далайн баруун бүсийн улс орнуудтай харьцуулахад, Монгол Улс нь үндсэн тусламж үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа. Гэвч халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байна” гэв.

Мөн энэ үеэр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа, “Монгол Улс дахь улаан бурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсад оршин сууж буй 6 сартайгаас 35 насны хүн амын дунд улаанбурхан, лаануудын эсрэг дархлааны түвшинд нэг агшны үнэлэлт өгөхөд ийлдэс судлалын зорилго оршиж байна. Судалгааны үр дүнд тулгуурлан улаанбурхан, улаануудын тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлтэй насны бүлэг, нутаг дэвсгэрийг тодорхойлж дархлаажуулалтын ямар арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж гаргаад байна” хэмээв.



Хэвлэлийн хурлын дараа "Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнд дархлаажуулалтын вакциныг хэрхэн яаж тээвэрлэдэг, хадгалдаг, түгээдэг талаар болон дархлаажуулалтад иргэдийг хэрхэн хамруулдаг талаар үйл явдлын зургийг дэлгэжээ.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ