Туркийн шинжээчид Саудын Арабын Консулын газрыг шалгаж дуусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-18 12:03:45
ИСТАНБУЛ. /ТАСС/. Сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсон хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Туркийн мөрдөн байцаагчдын баг Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дууссан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаагчид Консулын газрыг 9 цагийн турш шалгасан байна. Саудын Арабын Консулын газрын дотоод өрөөнүүд болон дипломатуудын албаны автомашинуудыг шалгахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь телевизийн "CNN Turk" суваг мэдээлжээ. Туркийн шинжээчдийг очихоос хоёр цаг орчмын өмнө Саудын Арабын 11 гишүүн бүхий мөрдөн шалгах баг Консулын газар ирсэн байна.

Саудын Арабын Консулын газарт мягмар гарагт нэгжлэг шалгалт хийх ёстой байсан боловч Туркийн эрүүгийн шинжээчдийг дотогш оруулаагүй байна. Тухайн үед Саудын Арабын ерөнхий консулын гэр бүлийн гишүүд байсан учраас шинжээчдийг оруулахаас татгалзсан гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тайлбарлажээ. Харин Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хэлэхдээ, Саудын Арабын талтай албан ёсоор тохиролцоогүй байсан учраас асуудал үүссэн гэсэн байна.

Саудын Арабын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай Жамаль Хашогги аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь улсынхаа Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр орсноосоо хойш сураггүй болсон юм. Туркийн албаны эх сурвалжуудын мэдээллээс иш татан тус улсын хэвлэлүүдэд бичиж буйгаар, Хашогги дипломат төлөөлөгчийн газарт алуулсан байна. Энэ хувилбарыг Туркийн цагдаа нар шалгаж байгаа тухай “Reuters” агентлаг аравдугаар сарын 6-нд мэдээлжээ. Дараа нь Саудын Арабын аюулгүй албаны ажилтнууд тэнцвэргүй хүч ашигласны улмаас Хашогги амиа алдсаныг тус улсын эрх баригчид мэдэгдэж магадгүй байгаа тухай мэдээлэл Америкийн хэвлэлүүдэд гарч эхэлсэн билээ.


Холбоотой мэдээ