Керчид халдлага үйлдсэн оюутны эцэг хүүгийнхээ зан чанарын талаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-18 13:32:06

КЕРЧЬ. /Лента/. Керчийн политехникийн коллежид гал нээж, дэлбэрэлт үйлдсэн Владислав Росляковын эцэг мэдүүлэг өгсөн тухай “Извесия” сонинд мөрдөн шалгах ажилд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.


Эх сурвалжийн хэлснээр, хүүтэйгээ ойлголцоход хэцүү байдаг байснаа түүний эцэг хүлээн зөвшөөрсөн байна. Владиславын эцэг мөн хүү нь найз нөхөдгүй байсныг хэлжээ. Хүү нь урьд нь  зөвхөн багын найзтайгаа л харилцдаг байсан боловч сүүлд харилцаагаа тасалсан аж.


Ерөнхийдөө тэр хүмүүжилтэй, түрэмгий авиргүй хүүхэд боловч маш зожиг байсан гэж Владиславын эцэг хүүгийнхээ зан чанарыг тодорхойлжээ. Тэрбээр хүүгээ компьютер тоглоом болон зэвсэг сонирхдог байсныг мэддэг байсан байна. “Тавдугаар сувгаар” мэдээлж буйгаар, Владислав эцэгтэйгээ хамт амьдардаггүй байжээ.

Росляковын хичээл сурлагад нь болон тэрбээр бусад оюутантай ямар нэг асуудалгүй байсан гэж хамт сурдаг нэг оюутан ярьсан байна. Ангийнхан нь түүнийг тайван, дуугүй хүүхэд байсан гэжээ. Хүмүүсийг олноор нь хөнөөх ноцтой шалтгаан түүнд байгаагүй гэж танилууд нь үзэж байгаа аж.


Крымын зүүн хэсэгт оршдог Керчь хотын коллежийн дөрөвдүгээр курсийн оюутан Владислав Росляков гэгч этгээд сургуулийнхаа цайны газар гар хийцийн бөмбөг тавьсаныхаа дараа гал нээж, дараа нь номын санд амиа хорлосон хэрэг аравдугаар сарын 17-нд гарсан юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, уг хэргийн улмаас 20 хүн амиа алдаж, 74 хүн шархаджээ. Халдлагын улмаас амиа алдсан бүх хүний хэн болохыг тогтоосон байна. 

Холбоотой мэдээ