Удахгүй дайн эхэлнэ гэдэгт Америкийн цэргүүдийн бараг тал нь итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-18 14:30:43

МОСКВА. /РИА Новости/. АНУ томоохон хэмжээний дайнд  удахгүй татагдан орно гэж тус улсын цэргүүдийн бараг тал нь үзэж байгааг “Military Times” сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, Америкийн цэргүүдийн 46 хувь нь улс орон нь ирэх онд дайнд оролцоно гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн онд санал асуулгад оролцогсдын ердөө таван хувь нь ийм бодолтой байжээ.


Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь буюу 71 хувь нь болзошгүй дайны гол дайсан нь ОХУ гэж үзсэн бол 69 хувь нь Хятад гэж хариулсан байна. 2017 оны санал асуулгаар 53 хувь нь Орос, 45 хувь нь Хятад гэж үзэж байжээ.


Үүнээс гадна, кибер халдлага АНУ-ын үндэсний аюулгүй байдалд гол аюул занал учруулж байна гэж 89 хувь нь үзсэн байна. Тэдний үзэж буйгаар, ийм халдлагуудыг няцаах тал дээр Америкийн арми муу бэлтгэгджээ.


Түүний сацуу, АНУ ирэх онд цэргийн маш ноцтой мөргөлдөөнд татагдан оролцохгүй гэж санал асуулгад оролцсон цэргүүдийн тал хувь нь үзэж байна. Өнгөрсөн онд ингэж үзэж байсан цэргүүд 67 хувьтай байжээ.

Дональд Трампын БНАСАУ-ыг чиглэсэн бодлогын ачаар Умард Солонгос улс оронд нь ноцтой аюул занал учруулахаа больсон гэж Америкийн цэргүүд үздэг больсныг санал асуулгын дүн мөн харуулсан байна. 

Холбоотой мэдээ