ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-18 14:39:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Холбоотой мэдээ