ЖДҮ-ийн Зээлийн батлан даалтын үр дүн эхнээсээ гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-18 16:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангийн зээлд хамран үйлдвэрлэлээ өргөжүүлж буй ААН, компанийн зарим төлөөлөл өнөөдөр болсон ЖДҮ эрхлэгчдийн “Зээлийн батлан даалтын тогтолцоо” сэдэвт форум дээр бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Тэдний нэг Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн Ч.Даваасүрэн, 3 жилийн өмнөөс эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэж, малаа өсгөн үржүүлэхээс гадна нутгийн малчдаас мал худалдан авах зэргээр мах бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж, улмаар

АХБ-наас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төсөлд хамран үйлдвэрлэлээ өргөтгөж мах боловсруулах “Баяндэлгэр хүнс” үйлдвэр байгуулжээ. Эднийх боловсруулсан махаа тусгай уутанд савлаж “Emart” сүлжээ дэлгүүртэй гэрээ байгуулан нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Тэгвэл “Гэр коллейкшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ганбат, 2013 онд “Чингис” бондын хөрөнгөөс 166 сая төгрөгийн санхүүжилт аван үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар одоо хонины ноосоор төрөл бүрийн оймс, улавч, ороолт, малгай үйлдвэрлэж зах зээлд борлуулж буйгаа хэлж байв. Эднийх энэ онд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан АХБ-ны хөнгөлөлттэй зээлээс 450 сая төгрөгийн санхүүжилт авснаар ажлын байраа 20 хүнээр нэмэгдүүлэн шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ.


АХБ-ын дэмжлэгээр зохион байгуулсан өнөөдрийн уулзалтын нээлт дээр Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр, АХБ-ны ЖДҮ-ийн төслийн удирдагч Ж.Жианнетто нар ийнхүү “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл” эхнээсээ үр дүнд хүрч амжилттай хэрэгжиж буйг сайшаав.Төслийн хүрээнд 640 ЖДҮ эрхлэгчдэд батлан даалтын үйлчилгээг үзүүлээд байгаа аж. Батлан даалтын 70 хувь нь нийслэл хот, хот орчмын ААН-үүд хамарсан бол 20 хувь нь хөдөө, орон нутагт ногдож байна.


Дээрх төсөл нь манай улсад 2021 он хүртэл хэрэгжиж 60 сая ам.долларын санхүүжилт олгох юм. ХААН, ХАС, “Капитрон”, ХХБ болон Төрийн банкаар дамжуулан олгож буй зээл нь 18 жилийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэй. АХБ-ны төсөл нь Зээлийн батлан даалтын сангийн журмаар барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа ЖДҮ эрхлэгчдийн хүссэн зээлийн 60 хувьд баталгаа гаргаж, урт хугацаатай, хөнгөлөлттэй хүү, найдвартай эх үүсвэр бүхий үйлдвэрлэгчдийг хамруулах зорилгоор хэрэгжиж буйг АХБ-ны ЖДҮ-гийн төслийн удирдагч Ж.Жианнетто тодотгож байв.

Тодруулга: Манай улс Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 онд батлан гаргаж ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Засгийн газрын тусгай сан байгуулсан юм.


Б.Болд

Холбоотой мэдээ