Конгод “Эбола” вирусийн тархалт нэмэгдсээр байна

Дэлхийн мэдээ | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-10-18 16:48:33

КИНШАСА. /VOA/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутгуудад "Эбола вирус"-ээр халдварладаг өвчний тархалт нэмэгдэж, нийт 216 тохиолдол бүртгэгдсэнээс 139 хүн амиа алдсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.


Өвчний тархалт дэлгэрээд байсан Умард Киву муж нь Конго улсын хамгийн олон хүн амтай муж бөгөөд 8 сая гаруй оршин суугчтай юм. Тус мужид мөн шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг байна.


Олон улсын эрүүл мэндийн тусламжийн хорооны дарга Роберт Стеффаны мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд өвчний тархалтын талаар анх мэдээлснээс хойш ДЭМБ болон бусад байгууллагууд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд Умард Киву муж дахь тархалтыг зогсоогоод байгаа хэдий ч өөр мужуудад вирусийн халдвар тээсэн хүмүүс бүртгэгдсээр байгаа аж.


Конго улстай хил залгаа оршдог есөн улсад уг өвчин тархах өндөр магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангахыг ДЭМБ-аас тус улсуудын эрх баригчдад анхааруулаад байгаа ажээ. Мөн бэлтгэл ажилд санхүүгийн тусламж шаардлагатай тохиолдолд олон улсын нийгэмлэгүүдээс тусламж хүсэхийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ