Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчилж, нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-18 16:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгийрүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний зам, лед гэрэлтүүлгийг суурилуулжээ.

Энд анх 2003 онд зам тавьсан бөгөөд ямар ч засвар шинэчлэл хийлгүй 15 жилийг үджээ.

“Иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засч, шинэчлэн өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  эл замын ажлын санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлсэн. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гардаг төдийгүй намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярив. 

Холбоотой мэдээ