Хүүхдүүд шинжлэх ухааны хялбаршуулсан 3D кино үзэж, шөнийн тэнгэрийн оддыг тольдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-18 17:11:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Нийслэлийн Боловсролын газар хамтран ЕБС-иудын дунд 4 дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийв. Энэ удаагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 14, 5 дугаар дунд сургууль, “Хобби” болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 сурагч хуваарийн дагуу хамрав. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, “Удахгүй болох шинжлэх ухааны ажилтны өдрөөр ШУА-ийн хүрээлэнгүүд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр сурагчдыг хүрэлцэн ирж эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлтэй танилцаж, шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэхийг урьж байна” гэлээ.

Мөн энэ үеэр ШУА-иас хүүхэд багачуудад зориулан гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан танин мэдэхүйн цуврал номныхоо багцыг сургуулиудын номын санд хандивлав.




Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг тольдов.

Холбоотой мэдээ