Мөрдэс нэгт нөхөд нь талийгаач Д.Батсайханыг эцсийн замд нь үдэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-19 10:47:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханыг өнөөдөр НЦГ-аас эцсийн замд нь үдлээ.



ХЗДХЯ-ны төлөөлөл, гэр бүл, ах дүү, Улаанбаатар хүрээний цагдаагийн бие бүрэлдэхүүний мөрдэс нэгт нөхөд нь салах ёс гүйцэтгэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр энэ үеэр талийгаачийн гэр бүлд байрны асуудлыг нь  шийдэж өгөхөө уламжлав.



Талийгаач нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллахдаа ЦЕГ-ын “Албаны төлөө” 1,2,3 дугаар цол тэмдгийг хүртсэн шилдэг алба хаагчдын нэг байв.

Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.


Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан. 


Энэ дагуу ЦЕГ-ын даргын энэ сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүргийн цагдагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэв.






Холбоотой мэдээ