Н.Баяртсайхан:Монголбанк 2018 онд 178 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-18 19:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрөгч хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч буйг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн. Үндсэн чиглэлд инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулахаар тусгасан, түүнчлэн эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа аж.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр С.Чинзориг гишүүн хэрэглээний зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкны удирдлагууд нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үргэлжүүлэх боломж байгаа эсэхийг тодрууллаа. Тэрбээр, “Монгол Улсын хадгаламжийн 90 гаруй хувийг нийт хадгаламж эзэмшигчдийн 8 хувь эзэмшиж байна. Хадгаламжийн хүүг бууруулах нь зээлийн хүүг бууруулах боломж нэг тулгуур юм” гэлээ.

Монголбанк зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө зээлийн хүү 21 хувь байсан бол одоо 18 болж буураад байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурьдаад, “Хадгаламжийн хүүг бууруулах нь зээлийн хүү бага байх нэг боломж хэдий ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Харин зээлийн хүүг бууруулах боломж нь санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ" хэмээн хариулав.

Мөн үеэр М.Оюунчимэг, Ш.Раднаасэд гишүүн Засгийн газраас ам.долларын ханшийг тогтвортой байлгах, гадаад худалдааны тэнцлийг ашигтай болгоход ихээхэн анхаарах шаардлагатайг хэллээ.

Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн шатахууны үнийг тогтворжуулахад Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх үү хэмээн тодрууллаа. Мөн  Монголбанк энэ онд хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байгааг асуув.

Төв банкны тухай хуулиар Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг Н.Баяртсайхан хэлэв. Тэрбээр, “Шатахууны үнийг барих асуудлаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд Засгийн газар бүх шийдвэрийг гаргаж, хариуцна. Одоогийн байдлаар Монголбанк 177 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Он дуусах хараахан болоогүй байгаа тул ашгийг тодорхой хэмжээнд нэмэх боломжтой” гэлээ.

Мөн гишүүдийн зүгээс Монголбанк энэ онд хэдэн ам.доллар зах зээлд нийлүүлснийг тодруулахад, “Энэ онд нийт 750 сая ам.доллар нийлүүлсэн” гэсэн хариултыг ажлын хэсэг өгөв.

Дэлхийн зах зээл дэх валютын ханшийн өсөлттэй холбогдуулан Монголбанк Мөнгөний бодлогын хүүг нэмэх эсэх, сүүлийн жилүүдэд мөнгө хэвлэсэн эсэхийг тодруулахад “Монголбанк ойрын хугацаанд мөнгөний бодлогын хүүг нэмэх бодолгүй байгаа. Одоо мөнгөний бодлогын хүүг нэмсэн тохиолдолд дөнгөж сэргэж буй эдийн засагт том цохилт өгөх магадлалтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголбанк огт мөнгө хэвлээгүй” хэмээн Н.Баяртсайхан хариуллаа.

Түүнчлэн Ш.Раднаасэд гишүүн тогтоолын төсөлд ирэх онд ам.долларын ханшийг тодорхой хэмжээнд барина гэсэн заалтыг тусгах нь зүйтэй хэмээж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Холбоотой мэдээ