Гэр бүлийн зөвлөлийн ахлагчдыг чадавхижуулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-19 10:14:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Албан байгууллагуудын дэргэдэх Гэр бүлийн зөвлөлийн ахлагчдыг чадавхижуулах сургалт 10 дугаар сарын 18-нд боллоо. Сургалтад байгууллагын алба хаагчдын гэр бүлийг төлөөлж 60 орчим хүн хамрагдсан бөгөөд төрөөс болон орон нутгаас гэр бүлийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр гаргаж буй хууль тогтоомжийн тухай мэдээлэл авсан юм. Мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаас суралцлаа. 

"Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэргэд Гэр бүлийн зөвлөлийг байгуулж, гэр бүлийн боловсрол олгох, үнэт зүйлийг бэхжүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор ажиллаж байна.

Одоогоор төрийн 63 байгууллагын дэргэд Гэр бүлийн зөвлөл ажиллаж байгаа бөгөөд өрх айлын 6726 гишүүн, түүнээс 3221 хүүхдэд хамаарах үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Тухайлбал, байгууллагынхаа ажилтнуудын хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах, цахим орчны зохистой хэрэглээ, зөв хооллолт, хүүхдийн хүмүүжил, төлөвшил зэргээр мэдлэг олгох, “challenge” болон хандивын аян өрнүүлэх, зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зэргээр ажиллажээ.

Гэр бүлийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр "Хүүхдийн хөгжил, хамгаалалд бидний оролцоо" аяныг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хэрэгжүүлж туг, дэвтрийг аялуулаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ