Ирланд улстай ХАА, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад түлхүү анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-19 08:06:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар өчигдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа талархал илэрхийлээд, 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад 3 долоо хоногийн турш ажиллаж байснаа дурсан ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ирланд улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн мэдээлэл авснаа дурдаад, Монгол Улсын малын тоо 80 сая дөхөж байгаа  учир малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын хөгжилд ихээхэн чухал гэдгийг онцлов. Мөн тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг сонирхож, ярилцав. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн талууд Монгол, Ирланд улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд түлхүү анхаарах болон олон улсын түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Холбоотой мэдээ