Эко жорлон нэвтрүүлэх, ашиглах, туршилтын ажил 40 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-19 12:00:56

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Жаргалант суманд хэрэгжиж байгаа эко бие засах газар байгуулах төслийн уулзалт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 18-нд боллоо.

Францын Рубрук тосгон, “Гийум де Рубрук” холбоо, Арийд олон улсын байгууллага, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран гэр хорооллын айл өрхүүдийг боловсон бие засах газартай болгох, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор эко бие засах газар байгуулах төслийг Жаргалант суманд хэрэгжүүлж буй.

Уулзалт хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлагууд болон “Эко бие засах газар байгуулах төсөл”-ийн удирдагч, Франц улсын мэргэжилтнүүд, Ховд их сургуулийн багш, судлаачид, Жаргалант сумын 12 багийн эко жорлон хэрэглэгч айл өрх, байгууллагын төлөөллүүд оролцов.

Энэ үеэр Жаргалант сумын ундны ус, хөрсний бохирдлын өнөөгийн төлөв байдал, бохир усны ангилал, бохирдлын төрөл, “Эко бие засах газар байгуулах төсөл”, био хий, бордоо гарган авах төслийн хэрэгжилт, үр дүн, туршилтын явц, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

“Эко бие засах газар байгуулах төсөл”-ийн хүрээнд Жаргалант сумын 12 багийн 207 айл өрх болон ерөнхий боловсролын зургаан сургууль, Хөгжил Политехник коллежид нийт 263 ширхэг эко  жорлон  үнэ төлбөргүй олгож, Бичигт, Буянт багийн хоёр айл өрхөд био хий, бордоо гарган авах туршилт хийжээ. Одоогийн байдлаар сумын айл өрх, сургуулиудад олгосон эко жорлонгийн ашиглалт, туршилт 40 хувьтай явагдаж байгаа аж.

                                                                                                                                       А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ