С.Чинзориг: Нийт тэтгэврийн насны 48 хувь нь бага тэтгэвэр авдаг

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-10-19 11:59:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  50,7 хувийн ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 5 жилийн цалинг 60 сард хуваан тооцдог байсан бол өнгөрөгч оны 2 дугаар сард орсон нэмэлт, өөрчлөлтөөр сарын дундаж цалинг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болсон.  Харин дээрх заалт нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагчид үзсэн бөгөөд тэтгэвэрт гарах ахмад нэг сард 33512 төгрөг, офицер 48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ. Тиймээс “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” хэмээн өөрчлөхөөр тусгасныг танилцуулав.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.


Б.Бат-Эрдэнэ гишүүн, 1990-ээд оноос нийгмийн шилжилтийн үед архивын материал бүрдүүлэлт замбараагүй болж, тухайн үед тэтвгэрт гарч буй хүмүүст нэлээн хүндрэл үүссэн.  40 насны эмэгтэйчүүд 4 хүүхэдтэй гэдэг үзүүлэлтээр тэтгэвэрт эрт гарсан нь туйлын бага тэтгэвэр авах нөхцөл үүссэн. Тиймээс тэтгэврийн ялгаатай байдалд анхаарах ёстой. 60-70 нас  гарсан гээд тэтгэврийн насныхныг хаяж болохгүй. Ахмад настны нийгмийн баталгаа болсон тэтгэврийн зааг, ялгааг арилгах ямар боломж байна вэ хэмээн асуув.

ХНХ-ын сайд С. Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн багц хуулиудыг өөрчлөх асуудлыг ярьж байгаа. Манай яам ХЗДХЯ-тай хамтран хууль тогтоомжуудын шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллаж байна. Амжвал бид намрын чуулганд оруулна. Нийгмийн даатгалын алдагдлыг бууруулах,  хамрах хүрээг тэлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон асуудал бий.Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд нэлээн хэдэн асуудлыг шийднэ. 2019 оны төсөв дээр 119,5 тэрбум төгрөг тусгасан. Энэ хөрөнгөд багтаан ирэх оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг  нэмнэ.  Халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн амьжиргааны доод түвшинтэй тэгшитгэж нэмэхээр төсөвт 22 тэрбум төгрөг тусгаад байгаа.  Тэтгэвэр бага гэдэгтэй санал нэг байна. НДС-гаас олгож буй тэтгэврийн дундаж хэмжээ 330 мянган төгрөг доод хэмжээ нь 280 мянган төгрөг байгаа. Нийт тэтгэвэр авагсдын  48 хувь нь  бага тэтгэвэр авч байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс доод тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ доод тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэхэд их хэмжээний  хөрөнгө, мөнгө шаардана. Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахдаа улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил, авч байсан цалингаас хамаараад тэтгэврийн хэмжээг  тогтоодог учир  хөдөлмөрийн үнэлэмж алдагдахаас эхлээд  учир дутагталтай зүйлүүд бий. Харин цаашдаа тэтгэврийн итгэлцүүрийг бий болгох замаар тэтгэврийн  зөрүүг арилгах шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт,” Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг дэмжиж байна. Гэхдээ үүний цаана жирийн иргэд тэтгэвэр тогтоолгоход маш их хохирч байгаа тохиолдлууд байсаар байна. Нийгмийн шилжилтийн үед ажиллаж байсан цалингийн доод түвшин бага байхад жирийн иргэд тэтгэврээ маш  бага  тогтоолгосон. Үүнд төр анхаарах ёстой” хэмээв.

Ингээд  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад  74,4 хувийн саналаар  дээрх хуулийн төслийг баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болсонд тооцох тухай  хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 74,6 хувийн саналаар батлахыг дэмжсэн юм. 



Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд