Боловсролын салбарт түлхүү анхаарна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-19 16:54:03

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймаг орон нутгийн боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг танилцуулах, цаашид анхаарах асуудлын талаар салбар байгууллагуудын саналыг сонсох зорилгоор Боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзав.

Уулзалтад аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон ерөнхий боловсролын долоон сургууль, 15 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцож, санал солилцов.

Засаг дарга Б.Дүгэржав, “Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь чадварлаг боловсон хүчин байдаг. Тиймээс орон нутгийн боловсролын салбарын хөгжлийг дэмжиж ажиллана. Боловсролын салбарын байгууллагууд нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлж, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх замаар хүүхэд багачуудад харилцаа, хандлагын зөв төлөвшлийг эзэмшүүлэх нь хамгийн чухал.

Боловсролын салбар байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй” гэж онцоллоо. Мөн багшийн ёс зүйн зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцлагатай, шударга ажиллахыг боловсролын салбарынханд уриалсан юм.

Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь багш нарын ур чадварыг дээшлүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, зарим цэцэрлэгийн цахилгаан, сантехникийн асуудлыг анхаарах, шаардлагатай засвар шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг албаныхан Засаг даргад  уламжлав.

                                                                                                                                                       А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ