Их газрын чулууны 13 агуй, хоёр хавцлыг судалжээ

Орон нутагт | Дундговь
erdenebulgan@montsame.mn
2018-10-19 15:50:57

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Их газрын чулууны Байгалийн цогцолборт газарт одоогийн байдлаар 13 агуй, хоёр хавцлыг судлаачид судалжээ.  

Судалгааны ажлыг Монголын агуйн холбооны ерөнхийлөгч Э.Авирмэдийн зөвлөгөө тусламжтайгаар Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулсан нь аймагтаа анхны агуйн судалгаа болж байгаа юм.

Их Газрын Чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт энэ газарт байгаа 13 агуй, хоёр хавцлыг бүртгэж, хэмжилт, эргэлтийн цэгийг координатжуулж, зурагжуулсан байна.

Агуйн судалгаагаар хамгийн урт агуй нь “Тоонотын агуй” 33.10 м урттай бол хамгийн өргөн агуй нь “Өлгийн агуй” 5.60 м өргөнтэй, хамгийн өндөр агуй нь “Эхийн умай”, 3.57 м өндөртэй байна.  Харин “Алагийн агуй” хамгийн өндөр цэгт буюу далайн түвшнээс дээш 1488 м-т оршиж байдаг ажээ.

Эдгээр агуйнуудаас гадна Ихрийн агуй, Бурхантын агуй, Хяналтын агуй, Өнөрбаянгийн агуй, Тоорой баньдийн агуй, Нүхтийн агуй гээд сонирхол татсан, өвөрмөц агуйнууд, Хойд тагтаан баастын хавцал, Урд тагтаан баастын хавцал хэмээх хоёр хавцал байдаг аж.


                                                                                                                                                               Д.Алтантогос

Холбоотой мэдээ