Шүдний эмнэлгүүдийн орчны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн байдал хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-19 17:06:23


Увс /МОНЦАМЭ/. Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн дөрвөн шүдний эмнэлгийн орчин нөхцөлд аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийлээ. Тухайн эмнэлгүүдийн эрүүлзүйн орчин, агаарын шинжилгээ, ариутгал, багаж материалын ашиглалт, хадгалалт, ариутгал зэрэгт хяналт хийхэд хоёр эмнэлгийн орчны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн байдал хангалтгүй байв.

Цаашид  шүдний эмнэлгүүд цусаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд давтан хэрэглэх багаж, хэрэгслийн ариутгалын чанар, эмнэлгийн эд зүйлс, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн үр дүн, эмнэлгийн усны чанар, ариутгал, халдваргүйтгэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг албаныхан анхааруулав.Мөн иргэдийн хяналт  шаардлага байгааг онцолсон.

“Хувийн хэвшлийн шүдний  эмнэлгүүд шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, эмчилгээ үйлчилгээнд орчин  үеийн багаж тоног төхөөрөмж ашиглаж байгаа боловч стандартын дагуу орчны эрүүл ахуйг хангаж, ариутгал халдваргүйтгэлийн ажилд онцгой анхаарах шаардлагатай байна.

Зарим шүдний эмнэлгийн хувьд орчны эрүүл ахуй, цэвэр байдал хангалтгүй байгаа нь хяналт шалтгалтаар илэрлээ. Шүдний мэс ажилбар нь халдвар авах эрсдэл өндөр байдаг тул энэ төрлийн эмчилгээг өндөр зэргийн  халдваргүйтгэл хийгдсэн багаж хэрэгсэл ашиглан, цэвэрхэн орчинд стандартын дагуу хийх ёстой” хэмээн аймгийн МХГ-ын улсын байцаагч Ц.Отгонжаргал хэллээ.

                                                                                                                                  Б.Батхүү 

Холбоотой мэдээ