“Эко элч” клубын сурагчид ирвэсийн фестивальд аймгаа төлөөлж оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-19 16:49:16

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн ирвэс хамгаалах өдөр буюу жил бүрийн 10 дугаар сарын 23-нд баруун таван аймгийн ерөнхий боловсролын сурагчдын дунд “Ирвэсийн фестиваль” болдог бөгөөд энэ жилийн арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо болно. Үүнд Увс аймгаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг сонгохоор аймгийн төв болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын дунд анхан шатны шалгаруулалт явууллаа.

Шалгаруулалтад оролцсон баг сурагчид ирвэс хамгаалах утга агуулгыг харуулсан этюд, ирвэсийн өдөрт барих бидний бэлэг шторк, гар зураг бэлэг дурсгалын бүтээл, аз жаргалтай гэр бүл модель, ирвэс хамгаалах уриалга бүхий сурталчилгааны материал тараах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байх ёстой аж.

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл болон аймгийн БОАЖГ,  Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, БСУГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг  шалгаруулалтад ирсэн бүтээлүүдийг  дүгнэхэд Улаангом сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Эко элч” клуб  тэргүүн байр, улсын тэргүүний цогцолбор хоёрдугаар сургуулийн “Гоо даль” клуб  дэд байрт шалгарчээ.

Ингэснээр Улаангом сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Эко элч” клубын есөн сурагч баг болж, аймгаа төлөөлөн уг фестивальд оролцох эрх авч, бэлтгэл ажилдаа оров. “Дэлхийд ховордсон ирвэсийг байгаль экологийн ач холбогдол талаас нь хамгаалах, устаж үгүй болох аюулаас хамгаалахын тулд давхар түүний идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

 Үүнд өсвөр үе, хүүхэд залуусаар дамжуулан нийгэмд зөв мэдээлэл ойлголт өгөх хэрэгтэй” хэмээн Улаангом сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Эко элч” клубын сурагч Б.Удвал ярилаа.

 Энэ жилийн Ирвэс хамгаалах дэлхийн өдрийг утгаж аймгийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчид бүтээлч сэтгэлгээ шаардсан, нийгэмд уриалга болсон олон ажлыг хийсэн байна.

Тухайлбал, Улаангом сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Эко элч” клубын сурагчид ирвэс болон түүний идэш бологч амьтдыг хамгаалах уриалга бүхий 200 ширхэг сурталчилгааны материалыг өөрсдөө хийж, албан байгууллагуудад хүргүүлжээ.

                                                                                                                                  Б.Батхүү

Холбоотой мэдээ