Гэр бүлийн боловсрол олгох сургалтад 2257 алба хаагч хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян зохион байгуулж буй юм.
Улаанбаатар цэргийн хүрээний нийт 20 ангийн 2257 алба хаагчдыг эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамруулжээ.
Аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн 120 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтаар залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн 10 дугаар сарыг дуустал Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран нийслэлийн ойр орчмын цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.