Үзэсгэлэн худалдааны борлуулалт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-19 17:12:06

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХҮГ, ХХААГ хамтран “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-эрүүл хүн” уриан дор зохион байгууллаа.

Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зах зээлд сурталчилж, борлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, ижил төрлийн  үйлдвэрлэл эрхэлж буй хоорондоо уялдаатай үйл ажиллагаа явуулах бололцоо бүхий өрх, бүл, хоршоо, нөхөрлөл болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгууллаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярив.    

Үзэсгэлэн худалдаанд нийт 11 сумын 50 үйлдвэрлэгч төмс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн 110 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож 8,3 сая төгрөгийн бараа борлуулжээ.      

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үеэр төрийн албан хаагчдын цалин олгох хугацаа таараагүй, өмнөх өдрүүдэд нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Намрын гоёл” үзэсгэлэн худалдаа гурав хоног үргэлжилсэн зэргээс шалтгаалж худалдан авалт өмнөх жилүүдээс бага байлаа гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ