Ойн гурван нөхөрлөлд төсөл хэрэгжүүлэх эрх олгожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-10-19 17:02:27

Булган /МОНЦАМЭ/ НҮБ-ын “Биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх төсөл” Булган аймгийн зарим ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж төсөл хэрэгжүүлэх эрх олголоо.

Модыг хаягдалгүй үр бүтээлтэй ашигладаг Хутаг-Өндөр сумын “Баян-Улаан” ойн нөхөрлөлд  дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үртсэн блок, малын тэжээл, үртэс үйлдвэрлэж буй Орхон сумын “Өндөр өлзийт”, байгалийн ургамлыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа Бугат сумын “Балт ундарга” нөхөрлөлд тус бүр 0,5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрх олгов.

Энэ намрын мод тарих үеэр Булган сум, Хялганат тосгоны сум дундын ойн ангийн 20 нөхөрлөл 10 гаруй нэр төрлийн мод бут буюу нохойн хошуу, хайлаас, монос, гүйлс, агч, шинэс, нарс, тэхийн шээг, долоогоно, голт бор зэрэг 126 ширхэг тарьц суулгацыг 3,1 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Мөн долоон сумын 11 ойн нөхөрлөл намрын үзэсгэлэн худалдааны үеэр гэрийн мод, зөгийн бал, эмийн ургамал, хөөрөг, суран эдлэл, тарьц суулгац, айраг, сүү цагаан идээ зэрэг 50-60 төрлийн 4,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ