Газрын суурь үнэлгээг 60-200 сая төгрөг болгон шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-20 11:46:36


   Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж, Улаангом сумын газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, ОНХС-гийн зарим эх үүсвэрийн зориулалтад өөрчлөлт оруулсан байна.

Энэ онд Улаангом сумын ОНХС-гийн төсөв 267 сая төгрөгөөр батлагдаж, тодорхой ажлыг хийжээ. Харин тус хурлаар зарим хөрөнгийн эх үүсвэрийн зарцуулалтыг өөрчилж, нийтийн тээврийн дэмжлэгт 12 сая төгрөг, гудамж талбайн гэрэлтүүлэгт 5.1 сая төгрөгийг олгохоор болсон байна.

“Энэ удаагийн хуралдаанаар газрын суурь үнэлгээ 50 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 60-200 сая төгрөг болгосон. Газрын төлбөрийн суурь үнэлгээ, хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор Улаангом сумыг дөрвөн бүсэд хуваасан. Ингэснээр худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ХАА-гаас бусад үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламж гэсэн ангиллаар нэг метр квадрат газрын үнэлгээ 30-200 төгрөг болж байгаа.

Тухайлбал, худалдаа бүх төрлийн үйлчилгээний газрын үнэлгээ бүсээс хамаарч метр квадрат нь 105-200 төгрөг байх жишээтэй. Худалдаа үйлчилгээний зориулалтаар нэг га газрыг нэг метр квадрат нь 200 төгрөг гэж тооцвол 200 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн үг. Энэхүү газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн Улаангом сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нансалжав мэдээллээ.

                                                                                                                                  Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ