Я.Содбаатар: Зам засварт жилд 55 тэрбум төгрөг шаардагддаг ч 10 гаруй тэрбумыг төсөвлөж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-19 17:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл тавьсантай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: “Манай улсын хувьд 15,2 мянган км олон улсын автозамын сүлжээнд хамарч, уг сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км зам нь хатуу хучилттай гэдгийг Ерөнхий сайдын мэдээлэлд дурдлаа. Энэ онд 377 км зам ашиглалтад оруулна гэлээ. Энэ жишгээр  явбал МАН-ынхан 20 жил зам тавих юм биш үү. 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж” төслийг хэрэгжүүлэн нийслэлд 260 км автозам, ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчлэн өнөөдрийг хүртэл нийслэлчүүдэд энэ нь үр дүнгээ өгсөөр байна. Уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж нийслэлийн дэд бүтцийг сайжруулж,  эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар эрх баригчид хойрго хандаж байгаа нь нууц биш ээ. Дээрх төслийг цаг үеэ олж хэрэгжүүлээгүй бол хотын автозамын дүр төрх ямар байхыг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Мөн өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох ажлыг эхлүүлсэн. Хүн ам ихээр суурьшсан Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн автозамд олон хүн амь насаа алдаж байна. Уг замыг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч ажил хэрэг болгохгүй байгааг анхаарах ёстой” хэмээв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсад нөхөөстэй зам их болсон.Нөхөөс гаргачихаад шууд бөглөхгүй байснаас болж осол аваар их гарч байна. Энэ нөхөөст  хичнээн хэмжээний зардал гарч байна вэ. Монгол Улс  төмөр замаа хурдан барихгүй бол нүүрсний урт тээвэр байсаар байх нь ээ. Мөн  Дархан- Эрдэнэтийн замыг хэзээ ашиглалтад оруулах вэ гэв.



ЗТХ-ийн сайд  Я.Содбаатар, “ Замын чанартай холбоотой асуудал их яригддаг. Монгол Улс сүүлийн жилүүдэд автозамын салбартаа нэлээд хөрөнгө оруулалт хийж, 21 аймгийг  Улаанбаатар хоттой хатуу хучилттай автзамаар холбох ажлыг хийж байна.  Одоо барьсан замаа арчлах засвар үйлчилгээг хийх нь хамгийн чухал асуудал болоод байгаа.  О.Баасанхүү гишүүний хэлсэн засварт мөнгө гаргаачээ гэдэгтэй  санал нэг байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд зам арчлалт, норм нормативын хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Зам арчлалтад жилд 55 тэрбум төгрөг шаардагддаг ч  10 гаруй тэрбум  төгрөгийг л төсөвлөж ирсэн. Харин сүүлийн хоёр жилд 20 тэрбумд хүргээд байна. 2019 оны төсөвт 30 тэрбум болгож өсгөсөн. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарган ирэх онд ажлаа эхэлнэ.Одоо зорчиж буй хэсгийн 2 эгнээг АХБ-ны санхүүжилтээр, мөн Европын сэргээн босголтын банктай хэлэлцээ хийж хоёр эгнээг барихаар ажиллаж байгаа юм”гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Засгийн газар энэ онд  377 км зам тавьсан нь сайн хэрэг. Хэдийгээр гадны зээлийн хөрөнгөөр зам тавихгүй гэдэг ч МАН ирэх онд  улсын төсөвт 1,3 их наядын гадаад эх үүсвэрээр зам барихаар  төлөвлөснийг сайшааж байна. Дээрх мөнгөөр хэдэн автозам барихаар төлөвлөж байгаа вэ. Сангийн яамны ирүүлсэн жагсаалттай салбарын яам бодлогын хувьд санал нийлж байгаа юу.

сайд  Я.Содбаатар: Мянганы замын ажлыг үргэлжлүүлэх хүрээнд  баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1030.2 км замын ажил хэрэгжиж байна.Цаашид 21 аймгаа хатуу хучилттай замаар холбож дуусгаад аялал жуулчлал, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх замуудыг тавих ажлыг гадны эх үүсвэрээр барина. Эхлээд 21 аймгаа хоёр эгнээ замаар холбохоор ажилласан бол одоо 4 эгнээтэй болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд Улаанбаатар-Дарханы чиглэл, Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгож шинэчлэхээр ажиллаж байгаа” гэв.

Холбоотой мэдээ