Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-20 11:37:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног”  аян 10 дугаар сарын 19-нөөс эхэллээ. Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-нд улс орон даяар зохион байгуулах юм.

Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран Уран зургийн галерейд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал, “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд “Дархлаажуулалтын хөтөлбөр”-ийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн" гэдгийг онцолж байлаа.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ