Нислэгийн урсгал өнгөрсөн оноос 11.7 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-19 18:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны байдлаар нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээг гаргасан байна.

Дээрх хугацаанд нийт 222649 нислэг төлөвлөж 109470 нислэг гүйцэтгэгдсэн ба олон улсын өнгөрөлтийн хуваарьт 90891 нислэг, цагийн хуваарийн бус 6469 нислэг, Олон улсын хөөрөлт, буултын хуваарьт нислэг 5889, цагийн хуваарийн бус 1033 нислэг, Орон нутагт хуваарьт 2654 нислэг, цагийн хуваарийн бус 2534 нислэг үйлджээ. Нийт нислэгийг 2017 оны мөн үетэй харьцуулбал 11503 нислэг буюу 11,7 хувиар өссөн  байна.

Энэ сарын 23-ны "CHINA EASTERN AIRLINES" авиа компанийн CES259 аяллын дугаартай нислэг ойролцоогоор 17:55 цагийн үед Монголын газар нутаг дээгүүр 100 000 дахь өнгөрөлтийн нислэг үйлдэх төлөвтэй байгааг албаныхан хэллээ.

2017 онд 100 000 дахь өнгөрөлтийн нислэгийг 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэж байжээ. Үүнээс харахад 2018 оны байдлаар өнгөрөлтийн нислэг нэг сарын нислэгийн тоогоор буюу ойролцоогоор 10000 нислэгээр нэмэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ