Хонгор нутагтай танилцах аялал эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-20 11:34:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгор нутагтай танилцах аялалд тур операторуудын менежер, зохион байгуулагч, орчуулагч нар оролцож байна. 

Тус аялал Монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад орон нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газар, үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдийн онцлогийг танилцуулж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Аравдугаар сары 19-нөөс эхэлж буй тэдний аяллыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай нарын холбогдох албаны төлөөллүүд аймгийн ЗДТГ-т хүлээн авч уулзлаа.

Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ, "Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймаг дотоод гадаадын жуулчдад өөрсдийн онцлог бүтээгдэхүүн, үзмэрүүдээ сурталчлан таниулах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Тур оператор компаниудын төлөөлөл тус аялалд оролцож буйд аймгийн удирдлагын хувьд ихэд олзуурхаж байгаа. Та бүхэн энэ аяллаасаа олон зүйлийг үзэж харан биднийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайржуулах тал дээр үнэтэй санал зөвлөгөөгөө өгөөрэй" гэв. Мөн өөрсдийн жуулчдаа манай сайхан нутгаар аялуулах маршрут төлөвлөгөөнд нэгтгэж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Аяллыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.  

Аялагчид аяллын эхний өдрөө аймгийн төвд дээрх уулзалтаа хийгээд, замдаа гарч Эрдэнэцогт сумын аялал жуулчлалын үзмэрүүдтэй танилцсан байна. Аялал үргэлжлэн хангай, говийн чиглэлд үргэлжлэх ба хөтөлбөрийн хувьд Улаанбатар хот - Баянхонгор аймаг – Шатар чулуун хөшөө – Хачин ламын хийд – Шаргалжуутын халуун рашаан – Холбоолж нуур – Орог нуур – Их богд Цонж хайрхан – Цагаан агуй – Баянлиг /Шинэ сум/ – Бичигт хад – Цагаан булаг – Бөөнцагаан нуур – Цагаан цахир –Баянхонгор аймаг гэсэн маршрутаар үргэлжилнэ. 

                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ