Баянгол дүүргийн тэргүүний 73 дугаар сургууль цахим номын сантай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-20 09:52:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн тэргүүний математик, англи хэл, чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургууль орчин үеийн стандартад нийцсэн цахим номын сан нээжээ.

Тус номын санг УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачлагаар байгуулсан бөгөөд “Тагтаа паблишинг” компани болон “Гэрэг” сэтгүүл хамтран ажилласан байна. Энэхүү номын сан нэг удаадаа 60 гаруй хүүхдэд үйлчилэх хүчин чадалтай бөгөөд 73 дугаар сургуулийн 1327 сурагчаас гадна бусад сургуулийн хүүхдүүд ч чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой юм.

Номын сангийн нээлтийн үеэр А.Ундраа гишүүн, “Ном бол гэрээсээ гарахгүйгээр гайхамшигт дэлхий ертөнцөөр аялах боломж юм. Тиймээс ч эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах зорилгоор энэхүү номын санг байгуулж, “Волвес” компанийн  зохион бүтээсэн цахим номын каталогийн гурван жилийн эрхийг худалдан авч, суулгалаа. Түүнчлэн номын сангийн дэргэд “Тагтаа” хүүхдийн номын клуб байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм” юм” хэмээв.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өөрийн бичсэн “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номын дээжээс бэлэглэлээ. Тэрбээр, “Дэлхийн энтэй боловсролыг эзэмшихэд ном хамгийн чухал. Энэ номын санг байгуулснаараа сурагчдын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна. Хүүхдүүд та бүхнийг эрдэм боловсролтой, зөв хүн болон төлөвшихөд ном замчилна. Номын нөхөр байж ирээдүйгээ гэрэлтүүлээрэй” гэлээ.

Холбоотой мэдээ