Түлээ, нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-23 11:06:47


   Увс /МОНЦАМЭ/. Түлээ, нүүрсний хөнгөлөлт авах иргэдийн өргөдлийг энэ сарын 15-наас эхлэн хүлээн авч байна. Улаангом сумын III, V, XI, XII багийн иргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэнд хандах бол бусад багийн иргэд аймгийн ХХҮГ-т холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэх 12-р сарыг хүртэлх хугацаанд өгөх аж.

Түлээ, нүүрсний хөнгөлөлт хүртэх эрхтэй ахмад настнуудын хувьд нэгдүгээрт алдар цолтой, хүндэт донор байх ёстой. Харж хандах хүнгүй тэжээгчээ алдсан ахмад настан гэдэгт асран халамжлах ганц хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл цэрэгт явсан, хорих ял эдэлж байгаа тохиолдолд түлээ, нүүрсний хөнгөлөлтийг хүртэх эрх үүснэ.

Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар адсан бүх хүн түлээ, нүүрсний хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг биш. Зөвхөн асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээтэй насанд хүрсэн иргэн болон хүүхэд хамрагдана” хэмээн аймгийн ХХҮГ-ын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Нямдэлгэр хэллээ.

Түлээ, нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах иргэд нь иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн өргөдөл, хөдөлмөр эрхлэлтийг тогтоосон эмнэлгийн магадлах комиссын шийдвэр зэргийг бүрдүүлэх аж. Харин ахмад настнууд иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн өргөдөл, ганц бие гэдгийг тогтоосон багийн даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

                                                                                                                                    Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ