Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-22 15:05:34


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 365 аж ахуйн нэгж эрх зөвшөөрлийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс түүвэрчилсэн аргаар Улаангом суманд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг үйлчилгээний 36 цэгт хяналт шалгалт хийжээ.

Мөн Баруунтуруун, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын дэлгүүр үйлчилгээний газруудыг хамруулан нийтдээ  аймгийн хэмжээнд 70 гаруй аж ахуйн нэгжид энэхүү хяналт шатгалтыг хийх аж. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримт олгож байгаа эсэх, камержуулалт, тохирлын гэрчилгээтэй эсэх, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх мэдээллийн самбар байршуулсан эсэх, нийгмийн даатгал, татварт өртэй эсэх зэргийг хянаж шалгана.

“Архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр шаардлага хангаагүй, зөрчилтэй газруудын эрх зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллана.

Жил ирэх тусам архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байгаатай холбоотой иргэдийн архины хэрэглээг бууруулах, аж ахуйн нэгжүүдэд олгох эрх зөвшөөрлийг чангатгах, цөөлөх асуудал яригддаг. Иймээс энэ удаагийн шалгалтаар аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт шалгалт тавина” хэмээн аймгийн ЗДТГ-ын хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн А.Наранмандах хэллээ.

                                                                                                                          Б.Батхүү

Холбоотой мэдээ