Хас банкны ухаалаг харилцагч байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-22 15:14:17

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг дахь "Хас" банкны шилдэг, ухаалаг харилцагчаар Улиастай сумын иргэн Г.Цогбадрах тодорчээ.

Тэрээр Завхан аймаг дахь салбарын хамгийн их хүндлэл хүлээсэн харилцагч бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хэнээс ч дутахгүй хөдөлмөрч зан, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй залуу юм. Г.Цогбадрах одоогоос гурван жилийн өмнө жижигхэн бор ууттай, нэг төгрөөс зуун төгрөг хүртэлх бутархай дэвсгэртээр дөрвөн сая төгрөг барин орж ирээд, хүн хүнрүү харж яахаа мэдэхгүй айдастай зогсож байсан нь саяхан мэт санагддаг аж.

Г.Цогбадрах шил цуглуулж олсон мөнгөө группын тэтгэмжээсээ илүүчилсэн цөөхөн хэдэн төгрөгтэйгөө нийлүүлэн бага гэлтгүй хадгалсаар байр авах зорилготой хэмээн анх хадгаламжийн данс нээжээ. Нас ахимаг хэдий ч “би мөнгөө аваад ирлээ” хэмээн хүүхэд шиг цайлган инээд цацруулсаар орж ирэн, дусал дуслаар хадгаламжаа нэмсээр байж.

Ийнхүү хуримтлалаа тогтмол хийсээр 2018 онд аймгийн төвд хоёр өрөө орон сууц худалдан авч, ээжийнхээ хамт амьдарч байна. Тэрээр одоо ч хоёрдогч түүхий эдийн бизнесээ эрхэлсээр байгаа, байр ашиглалттай холбоотой өрхийн зардал нэмэгдсэн хэдий ч орлогоосоо илүүчлэн дахин хуримтлалтай болох хүсэлтэй байгаа гэнэ. Хадгаламжаа дусал дуслаар нэмсээр байгаа Г.Цобадрах манай банкны ухаалаг харилцагч гэж Хас банкны Завхан салбараас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ