Өвөрхангайн оюутнууд чуулга уулзалтаа зохион байгуулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-10-22 16:33:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 500 гаруй оюутныг хамруулсан "Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” анхдугаар чуулга уулзалт өнгөрөгч амралтын өдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт боллоо.

Чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Зам, тээврийн хөгжлийн сайд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар санаачилсан бол Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Өвөрхангай аймгийн Оюутны холбоо хамтран зохион байгуулав.

Энэ үеэр сурлага, урлаг, спортын манлайлагч оюутнуудыг тодруулж, шилдэг 20 оюутныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Мөн УИХ-ын гишүүд  төрөөс залуучуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар оюутнуудад мэдээлэл өгч, хувь хүний хөгжлийн талаар сургалт явуулсан юм.

Нутгийнхаа оюутан залуусыг дэмжих, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэхүү чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон тухай төрийн түшээд илэрхийллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ