Томоохон төслүүдийн зураг төсөв боловсруулах ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-22 14:45:13


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Боршоо хилийн боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил" болон "Улаангом хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажил"-ын зураг төсөл боловсруулж буй Нью-Урбанизм ХХК, Урбан девелопмент консалтинг групп”-ын инженерүүд, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн багийн гишүүдийг 10 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Увс аймагт хэрэгжүүлэх дээрх томоохон төслүүдийн зураг төсөв боловсруулах ажлын явцтай танилцсан юм. “Хилийн боомт” дэд төслийн хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах, шалган нэвтрүүлэх хэсгийн нарийвчилсан төлөвлөлт хийж, зам, барилгын ажлыг эхлүүлэх, түрээсийн болон байнгын орон сууцны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор хамгаалалтын ногоон бүс байгуулах, гадаадын хот, суурин газартай хил залгаа боомтуудад байнгын болон богино хугацааны худалдаа, үйлчилгээний төвүүд бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

"Боршоо" хилийн боомтод эдгээр ажлууд хийгдсэнээр Увс аймгийн худалдаа үйлчилгээ, эдийн засагт томоохон эргэлт гарах аж. Тэрчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэх юм. 
Түүнчлэн, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "МАНАЙ УВС" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжсэнээр Улаангом сумын иргэд цэвэр, тохилог орчинд тав тухтай амьдрах боломж бүрдэнэ.

                                                                                                                                    Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ