Н.Китахара: Монголд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-22 13:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд 3 эмэгтэйн нэг нь хүүхэд төрүүлэх сонголтоо эдэлж чадахгүй байна. Албан хэллэгээр бол гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ Монголд өсчээ” гэсэн НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн дүгнэлтийг тус сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара өнөөдөр хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзахдаа танилцууллаа.

Дээрх тоог хувиар авч үзвэл 2003 онд манай улсад эмэгтэйчүүд төрөх сонголтоо бүрэн хэрэгжүүлдэг, үүний хүн амд эзлэх хувь 4.5, хамгийн бага байсан бол 2013 оноос төрөх нь багасч 16 хувьд хүрч 2-3 дахин өсчээ. Үүнд нийгмийн амьдралын хэв маягын өөрчлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж доголдох, мэдээлэл, боловсрол дутмаг байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Зөвхөн манай улсад ч бус, гэр бүлүүд хүүхэд цөөтэй болж байгаа дэлхийн нийтийн хандлага нь хүмүүс хүүхэдтэй болох сонголтоос ихээхэн хамаарч байна. Энэ нь хүн амын нөхөн үржихүйд голлон нөлөөлж буй талаар НҮБ-ын Хүн амын сангийн 2018 оны “Дэлхийн хүн амын байдал”-ын илтгэлд дурджээ.

Гэр бүл хэдэн хүүхэдтэй байх нь нийгмийн буюу хүн амын нөхөн үржихүйн эрхтэй салшгүй холбоотой, энэ нь эрүүл мэндээс аваад боловсрол, хөдөлмөр эрхлэлт гээд улс орны нийгэм, эдийн засагт хамаарах асуудал болон хурцаар тавигдаж байна. Хүмүүс гэр бүлээ өөрийн сонголтоор төлөвлөх, эмэгтэйчүүд төрөх эрхээ бүрэн эдэлж чадаж байгаа газар амьдрал хөгжин дэвжиж нийгэм сайн сайхан байдалд хүрдэг, харин эрх зөрчигдөх болон хавчигдаж буй газар хүмүүс чадвар, боломжоо ашиглаж чаддаггүй тул эдийн засаг, нийгэм доголдож саатдаг. Ийм учир НҮБ-ын Хүн амын сан жил бүр гаргадаг тайлангаа энэ удаа “Хүн амын сонголт: Нөхөн үржихүйн эрх ба хүн ам зүйн шилжилт” гэсэн сэдэвт хандуулж буйг Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Н.Китахара тодотгож байв.




Монгол Улс бага төрөлттэй орны тоонд орж байна


Хатагтай Наоми Китахарагийн мэдээлснээр, дэлхийн улс орнуудын хүн амын төрөлтийг өндөр болон дунд, бага төрөлттэй гэж 3 хуваан авч үздэгээс манайд хийсэн судалгаагаар Монгол Улс бага төрөлттэй орон руу шилжжээ. Гэхдээ хүн амын төрөлтийн 3 ангиллыг өөр хооронд нь жишиж үзэх албагүй, энэ нь хүн амын үзүүлэлтүүд нөхцөл байдлаас хамаарч улс орон бүрт харилцан адилгүй байдагтай холбоотой аж.

Монголд хүн амын төрөлт нэг үе өндөр байснаа одоо буурчээ. Эрүүл мэндийн үйлчилгээ ч нэг үе сайн байж үүний үр дүнд жилд 200 эх энддэг байсан байдал арилсан. Гэвч эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хүн амын өсөлтийг гүйцэхгүй байгаа зэргээр эргээд хүнд болсон нь эхчүүдийн төрөлт, жирэмслэлтэд муугаар нөлөөлж, гэр бүлээ төлөвлөх эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна гэв.


Дээрх нөхцөл байдалд яах ёстой талаар НҮБ-ын Хүн амын сангаас улс орнуудад өгдөг зөвлөмжөөр, Монголд, хүн амын бэлгийн амьдралын мэдээлэл, боловсрол дутмаг байгаа тул ЕБС-иудаас эхлээд цогц боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн тэгш байдлыг хангах, хүн амын нөхөн үржихүйн талын хуул эрхзүй болон төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн санал тусгажээ.


НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн гэр бүл төлөвлөлтийн эдийн засгийн үр ашгийн судалгаагаар улсын төсвөөс жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд зарцуулсан 1000 төгрөг тутамд жирэмслэлттэй холбоотой зардлыг 3200 төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ.

Дээр тооцоогоор авч үзэхэд манай улсад, хөдөө, орон нутагт жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл онц дутагдаж, Улаанбаатар хотод өрхийн эмнэлгүүдэд сүүлийн 6 сар тасалдсан байдалтай байгаа дүр зураг гарчээ. Мэдээллийн дараа хатагтай Н.Китахара сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Манай улсад хүн хүч, төсөв санхүүгийн дэмжлэггүйгээс хүүхэд харах үйлчилгээ хумигдаж буй мэдээ бий. Энэ тал дээр яах ёстой вэ?

-Энэ бас л хүн амын сонголттой холбоотой чухал асуудал. Би 2013 оноос Монголд байх хугацаандаа эдийн засгийн өсөлт, бууралтыг байнга ажиглах явцад танайд төсөв танахад хүрэхэд нийгмийн салбарыг заавал хөндөж хасдаг нь ажиглагддаг. Ямар ч нөхцөлд нийгмийн салбарыг, тэр дундаа эрүүл мэндийн хамгааллын асуудлыг орхиж болохгүй юм. Энэ бол Хүн амын сангаас улс орнуудад өгч буй зөвлөмжийн гол асуудал нь юм.

-Та бүхний хийсэн судалгаагаар мэдээлэл, эрүүл мэндийн үйлчилгээ авах байдлаар хот суурин газар болон хөдөө, орон нутгийн ялгаа Монголд хэр өндөр байна вэ?

-Хөдөө, орон нутагт оройн зай, цаг хугацааны ялгаа бүхий бэрхшээл байна. Гэхдээ үүнийг хөдөө суманд нэг барилга барьснаар шийдэхгүй. Онлайн сүлжээ, мэдээллийн систем, программ ашиглах зэрэг харилцаа холбооны арга замаар шийдэх боломжтой. Жишээ нь, Монголд бусад улс орныг бодвол интернэт харьцангүй хямд төсөр, хүртээмжтэй байгааг ашиглаж алсын зайн эмчилгээ хийх, эрүүл мэндийн мэдээлэл явуулж байгаа нь сайн байна. Хөдөө, орон нутгаас илүү харин нийслэл хотод ачаалал их, хүн хүч дутмаг зэргээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж тун тааруу байгаа нь харагдаж байна.


Б.Болд

Холбоотой мэдээ