"Сакура" олон улсын сургууль 2300 хүүхдийн багтаамжтай шинэ байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-22 14:40:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Англи, япон хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Сакура" олон улсын сургуулийн шинэ байрны нээлт энэ сарын 20-нд боллоо.

Бага, дунд боловсролын салбарт улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилго бүхий уг сургууль 20 жилийн босгон дээрээ бүтээн байгуулалтын аян өрнүүлж, Хан-Уул дүүргийн IV хороонд сургуулийнхаа шинэ барилгыг сүндэрлүүлжээ. 


Энэ үеэр тус сургуулийн ТУЗ-ийн дарга Т.Баясгалан, “Манай сургууль 1999 онд байгуулагдсанаас хойш 4 удаа бууриа сэлгэсэн түүхтэй. Шинэ байртай болохоосоо өмнө “River garden”-ы “Time square” хотхонд үйл ажиллагаа явуулж байлаа. Манай сургуульд суралцагчдын тоо нэмэгдэж, өргөжихийн хэрээр шинэ байр бидэнд зайлшгүй хэрэгтэй болсон. Тиймээс сургуулийн шинэ байраа улсын сургуулийн стандартаар тооцож, 2300 хүүхдийн багтаамжтайгаар барьлаа. Бид сургуульдаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий лаборатори, дугуйлан нээсэн” хэмээв.

Мөн Сакура олон улсын сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Кёкүшүзан Д.Батбаяр, “Манай "Кёкүшю" групп байгуулагдсан цагаасаа хойш олон салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Би сумогийн сургуульд сурч байхдаа япон хүүхдүүдийн соёл, ухамсар, хүмүүжлийг монгол хүүхдүүддээ төлөвшүүлэх талаар их боддог байлаа. Энэ мөрөөдөл, зорилгоо биелүүлж, “Сакура” сургуулийг нээсэн. Сургуулийнхаа 20 жилийн ойн босгон дээр сурагчдаа шинэ байртай болгосондоо баяртай байна. Бид хотын утаа болон түгжрэлээс хол Яармагийн дэнжийг сонгон, нүүж ирлээ” гэлээ.

"Сакура" олон улсын сургуулийн шинэ байрны нээлтэд багш, суралцагчдаас гадна УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын хүндэт зочид оролцов.

Холбоотой мэдээ