Оюутнуудыг харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-10-22 15:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Эрүүл оюутан- Хөгжлийн түүчээ” аяныг БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ-наас хамтран зохион байгуулж эхэлжээ.  Энэ хүрээнд оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм байна.

БСШУСЯ-ны Дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн  О.Янжмаа “Манай яам энэ хичээлийн жилийг “Суралцагсдын сурлагын амжилтыг дэмжих жил” болгон зарласан. Оюутнууд эрүүл байж эрдэм мэдлэгээ тэлнэ. Тиймээс  оюутны сурлагын амжилтанд нөлөө үзүүлэх үүднээс  эрүүл мэндэд нь анхаарч байгаа юм. 2016 оноос ЭМ, ХНХ, БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаал гарч оюутныг харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд нийт оюутны 51.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн тоо баримт бий. Бид энэ жил даатгуулагсдын хувийг нэмэгдүүлж, оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар ажиллаж байна” гэв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Байгальмаа  “Оюутан залуусын эрүүл мэндэд анхаарвал цаашдаа эрүүл боловсон хүчин бий болно. Өмнө нь Оюутны эрүүл мэндийг дэмжих сараар эрүүл мэндийн мэдлэгийг  сайжруулах,хандлагыг нь өөрчлөхөд анхаардаг байсан. 15-35 насны хүүхэд, залуучууд дунд өвчлөл их байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс  энэ удаагийн аянаар оюутны эрүүл мэндийг хянаж, үзлэгт хамруулахаар болсон. Ингэхийн тулд оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах нь чухал байгаа” хэмээв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, оюутан залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ