ЖДҮ-ийг дэмжих талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-22 16:31:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн гишүүн, МҮЭ-ийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа. 

Энэ үеэр аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг орон нутагт нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд тулгамдсан асуудлын талаар холбогдох хүмүүстэй санал солилцсон юм. 

Уулзалтын үеэр орон нутгийн төлөөлөл төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ажилгүйдэл буурч байгаа таатай дүнг танилцуулсан. Мөн төсөл хөтөлбөрүүдийн хэлбэр, үйл ажиллагаа тогтворгүй байдаг, хурдан өөрчлөгддөг төдийгүй төслийн хүрээнд ажлын байрыг шинээр бий болгож байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл тусламжийн хэмжээ нь бага байгаагаас хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа гэв.

Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрүүдэд олгодог хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож буйгаас уг зээлийн гол зорилтод бүлгүүд болох эдийн засгийн чадавх сул, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас тавигддаг шалгуурыг хангахгүй байгааг онцолж байлаа.

МҮЭ-ийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн бодит амьдралд хэрэгжихүйц, үр дүнтэй байлгахын тулд орон нутаг, анхан шатанд ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилтнуудын санал, санаачлага чухал байгааг онцлоод цаашид хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдэд тэдний саналыг дэмжиж ажиллахаа хэлсэн юм. 

Мөнхзул

Холбоотой мэдээ