Индонезид байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээ 911 сая ам.доллар болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-22 15:45:38

МОСКВА. /РИА Новости/. Индонезын Сулавеси аралд цунами дагуулсан газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ 13,8 их наяд рупи буюу 911 сая ам.доллар болсон тухай “Jakarta Post” сонинд тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын /BNPB/ мэдээллээс иш татан бичжээ.


“Газар хөдлөлт болон цунамигаас учирсан хохирлын хэмжээ цаашид өсч магадгүй” гэж BNPB-гийн төлөөлөгч Пурво Нугрохо мэдээлсэн байна.


Байгалийн гамшгийн улмаас орон сууцны салбарт хамгийн их хохирол учирчээ. Палу хотын эрэг хавийн дагуух байшин барилгууд бараг бүгд эвдэрч, сүйдсэн бөгөөд зарим дүүрэгт хөрсний нягтрал суларч зөөлөрсний улмаас “хэдэн мянган байшин алга болсон байна”.


Есдүгээр сарын 28-ны өглөө Индонезын Сулавеси арлын эрэг хавьд Палу хотоос холгүй 6,1 магнитудын хүчтэй  газар хөдөлсөн юм. Дараа нь тус бүсэд дахин 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн дараах хэд хэдэн түлхэлт бүртгэгджээ. Палу хотод хоёр метрийн өндөр цунами дэгдсэн байна.


Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлт болон цунамийн улмаас амиа алдсан хүний тоо 2256 болж нэмэгдсэн бол 4600 гаруй хүн гэмтэж бэртжээ. 

Холбоотой мэдээ