Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжуудыг хүчингүй болгохоор захиргааны шүүхэд ханджээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-10-22 16:43:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн уурхай 24 цаг ажиллаж баялаг тасралтгүй гарсаар байна. Харин тус компанийн лиценз 2037 он гээд дуусчихна. Тэгэхээр 2050 он гэхэд бүх баялаг Монголоос гараад явчихна гэсэн үг. Бид ногдол ашгаа тэр үед авч чадахгүй болно хэмээн Дархан Монгол нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч. Бат- Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тус нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжуудыг  хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Тэрээр ярихдаа, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад Ч.Сайханбилэг ерөнхий сайд 4 удаагийн захирамжаар олгосон. Тэр бол Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх ноцтой зүйл. Энэ захирамжийг хүчингүй болгохоор бид Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Мөн Дубайн гэрээг Монгол хэлээр бичсэн нэг ч хуулбаргүйгээр зөвхөн англи хэлээр байгуулсан нь буруу юм. Хэрвээ захирамж шүүхээр хүчингүй болохгүй бол бид Дубайн гэрээний асуудлыг хөндөнө. Анх Рио Тинто компанитай хийсэн гэрээгээр 2019 оноос ногдол ашгаа авах байсан. Гэтэл манай эрх баригчдын гаргасан тооцоогоор 2050 оноос ногдол ашгаа авна гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй юм” гэлээ.

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ