Сэлэнгэ аймгийн хүдэр сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-23 15:35:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум шилэн кабелийн сүлжээнд холбогдож сумын иргэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд хөдөлгөөнт холбооны 3G, 4G үйлчилгээг авах, төрийн болон орон нутгийн байгууллагууд өндөр хурдны сүлжээг ашиглах боломжтой боллоо.


Хүдэр сумын шилэн кабелийн дэд бүтцийг бий болгохдоо Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК–ийн Төмөртэй уурхай хүртэлх шилэн кабелийн дэд бүтцийг ашигласан нь дэд бүтцийг байгуулах зардлыг гурав дахин хэмнэж, Болд-Төмөр Ерөө Гол ХХК–ийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК ажиллаж энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ.

Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК нь 2017-2021 оныг хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөө болох “Монголын хөгжлийн сүлжээ-2021” хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн Монгол Улсын бүх сум суурин газарт харилцаа холбооны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах хангалттай багтаамж бүхий сүлжээг байгуулах зорилт тавьсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 330 сумаас 306 сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт сүлжээний урт нь 37’788.0 км-т хүрчээ. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 17586 км бүхий Монгол Улсын 286 сум суурин газрыг хамарсан хамгийн өргөн шилэн кабелийн үндсэн сүлжээгээрээ хөдөлгөөнт холбооны оператор компани, төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг мэдээллийн урсгалаар хангаж ажилладаг бөгөөд үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авч байгаа юм.

Дээрх компани, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болох Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК, Болд-Төмөр Ерөө Гол ХХК-ийн дэмжлэгээр энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүллээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ