Өсөх идэр начин Очирын Пүрэв агсны хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-23 10:47:35

Өмнөговь /МОНЦАМЭ/. Хүрмэн сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин ард олноо "Морьт" хэмээн алдаршсан Очирын Пүрэв агсны хөшөөг төрсөн нутагт нь босголоо. Хөшөөг босгох ажлыг өсөх идэр начны гэргий ард түмний гавьяат эмч, эрүүл мэндийн тэргүүний ажилтан Г.Сэлэнгэ үр хүүхдүүд, ач зээ, ах дүү болон бөхөд хайртай ард түмнийхээ сэтгэл зүтгэл хандив дэмжлэгээр бүтээжээ.

Түүний гэргий Г.Сэлэнгэ "Миний хань Өмнөговь аймгийн үндэсний бөхийн дөрвөн удаагийн аварга, бүсийн хэмжээний томоохон барилдаануудын зургаан удаагийн аварга, Монгол улсын үндэсний баяр наадмаар зургаан удаа дөрөв давж, нэг удаа зургаа давсан амжилтыг үзүүлж байсан юм. 20 наснаасаа эхлээд 52 нас хүртлээ барилдахдаа 19 жил улсын баяр наадамд уран мэхээ уралдуулан барилдаж явсан сайхан бөх байсан" гэж хөшөөний нээлтийн үеэр хэлэв.

Тус сумаас улс аймгийн цолтой бөхчүүд олон төрөн гарсан байдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд энэ жилийн баяр наадмаар Ш.Дарханбат Монгол улсын начин цол хүртсэн билээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ