"Архигүй Өвөрхангай хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-23 10:51:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/.“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” аяныг төрийн байгууллагуудын дунд есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд байгууллагуудаар туг, дэвтрийг нэг сарын хугацаатай аялуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 22-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Санхүүгийн хяналт, аудитын албанд аяны туг дэвтэр шилжлээ. Өнгөрсөн сарын хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтэд хандсан архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын нийт 11 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Арвайхээр сумын сургуулиудын ахлах ангийн 90 гаруй сурагчдад “Архи, тамхины хор хөнөөл” сургалтыг зохион байгуулж, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Бага, дунд боловсролын тухай” хуулиудын заалтыг сурталчилсан зурагт хуудсуудыг байрлуулсан байна.

Мөн бизнес эрхлэгчдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, "Зөрчлийн тухай хууль”-ийн талаар сургалт явуулжээ. Тус байгууллагаас олон нийтэд архины хор хөнөөлийг таниулах, соён гэгээрүүлэх ажлыг он дуустал үргэлжлүүлэн зохион байгуулж, хүнсний худалдаанд хяналт шалгалтыг хийх аж.

“Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” аян нь төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх албан хаагчдыг хариуцлагажуулах зорилготой юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ