Мексикт асар хүчтэй шуурга дэгдэх төлөвтэй байна

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2018-10-23 10:24:13

МЕХИКО. /BBC/. Мексикийн Номхон далайн эрэг орчмын бүс нутгуудад асар хүчтэй “Вилла” хар салхи дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд уг шуурганы улмаас хүний амь нас эрсдэж болзошгүй тухай цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.


“Вилла” хар салхи мягмар гарагт Мексикийн баруун өмнөд эргийн бүс нутагт хөрсний гулгалт үүсгэх төлөвтэй байна гэж АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс /NPC/ мэдээлжээ.


Дөрөвдүгээр түвшний шуурга хэмээн тооцогдож байгаа уг шуурганы улмаас хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байна.




Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээнд тэмдэглэснээр, Мексикийн баруун өмнөд нутгуудад унах хур тунадасны хэмжээ 46 сантиметрт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хар салхи 250 км/цагийн хурдтайгаар урагшилж байгаа аж.


Номхон далайн эргийн Сан Блас хот болон далайн эргийн Мазатлан амралтын газар зэрэг багтсан бүс нутгуудад онцгой байдал зарлаад байгаа бөгөөд уг анхааруулга нь ойрын 36 цагийн хугацаанд хар салхи дэгдэхийг анхааруулж байгаа юм.  


Энэ сарын эхээр АНУ-ын зарим муж улсад асар хүчтэй “Майкл” хар салхи дэгдсэний улмаас 27 хүн амь насаа алдсан билээ. 

Холбоотой мэдээ