Нөхөн сэргээгээгүй газар 8800 га болж хоёр дахин нэмэгджээ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-10-23 10:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн олборлолтоос шалтгаалж нөхөн сэргээгээгүй, эзэнгүй үлдсэн газар 2012 онд улсын хэмжээнд 4256 га байсан бол одоо 8800 га болж хоёр дахин нэмэгджээ.

Дээрх газрыг хэн, хэзээ нөхөн сэргээх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй хоцорсон байна. Мөн жилд дунджаар уул уурхайн зориулалтаар ашиглаж буй 10 мянган га газрыг нөхөн сэргээдэг гэсэн судалгаа бий. Гэвч энэ нь нөхөн сэргээх ёстой газрын 70-80 хувьд ч хүрдэггүй. Тиймээс манай улсад Нөхөн сэргээлтийн тухай хуультай болох шаардлага бий болсныг “Новотел” зочид буудалд 2 дахь өдрөө хуралдаж буй “Байгаль хамгаалал ба уул уурхайн нөхөн сэргээлт” үндэсний сургалт, семинарын үеэр БОАЖЯ-наас мэдэгдэж уг хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Семинарыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Манай яамнаас боловсруулсан Нөхөн сэргээлтийн хуулийн төсөлд уул уурхайн компаниудад хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг тусгасан. Ингэснээр компаниудыг давхар даатгалын компани хянах боломж бүрдэж, одоо үүсч буй уул уурхайгаас үүдэлтэй асуудал үгүй болох нөхцөл бүрдэх юм. 2017-2018 онд улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдэрсэн газрын тооллого хийж, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаархи мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгууллаа. Мэдээллийн сан байгуулснаар уул уурхайн ашиглалт явуулж буй ААН-ийн үйл ажиллагааны бүртгэл, мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх, оролцогч талуудыг эргээд нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих боломжтой болно” гэдгийг онцолсон юм.


Нөхөн сэргээлтийн хуулийн талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын арга Г.Нямдаваагаас тодруулахад, “Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцлагатай болгохын тулд юуны өмнө эхлээд хуультай болох талаар манай яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэхүү хууль нь нөхөн сэргээлт дээр ямар алдаа, дутагдал гарч байна, түүний хариуцлагыг яаж хэрхэн хүлээлгэх үүргийг тусгаж өгөх юм. Мөн нөхөн сэргээлтээр хаана, ямар ажлын зохион байгуулах зэрэг олон асуудлыг эрхзүйн хувьд шийдэх юм. Ер нь уул уурхайн нөхөн сэргээлт хэр зэрэг хийж буйг тухайн ААН, компанийн жилийнх нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр дүгнэдэг. Ингэхдээ орон нутгаас Засаг даргын шийдвэрээр томилсон ажлын хэсэг 80-100 онооны хооронд дүгнээд 80-аас дээш оноо авсан бол дараа жилд үйл ажиллагаа явуулах эрхийг нь яамнаас олгож, Менежментийн тэр жилийнх нь төлөвлөгөөг нь баталж өгдөг. Өнөөдөр уул уурхайн нөхөн сэргээлт дээр хэрэгжүүлж буй гол механизм бол энэ байгаа. Гэхдээ энд орон нутгийн удирдлагууд харицлан адилгүй хандаж буй явдал бий. Зарим газар чанга хатуу шаардлага тавиад нөхөн сэргээлтийг сайн хийлгэж байхад зарим газар дараа жилд нь шийдвэрлэнэ гэсэн байдлаар дутуу хандаж хэлбэрдэх маягаар тайлан мэдээллээ ирүүлдэг тохиолдол бас байна” гэв.

Тодруулга: Өнөөдрийн байдлаар бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн  27.405 га газар байгаагаас 1100 газар буюу 8871 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.


Б.Болд

Холбоотой мэдээ