“Торгоны зам” ралли Орос, Монгол, Хятадын нутагт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-10-23 11:15:07
МОСКВА. /РИА Новости/. 2019 онд “Торгоны зам” ралли-марафоныг шинэ маршрутын дагуу 10 үе шаттайгаар зохион байгуулна гэж уралдааныг зохион байгуулагчид мэдээлжээ.

“Торгоны зам” раллигийн нээлтийн ёслолын ажиллагаа 2019 оны долдугаар сарын 6-нд Эрхүү хотод болно. Уралдаанд оролцогчид Сибирийн баруун нутгаар, Байгал нуурын дагуу уралдаж, говийн элсэн манхан дунд төгсгөлийн шатанд өрсөлдөхийн тулд Улаанбаатар хотоор дамжин Монголын нутгийг хойд хэсгээс нь өмнөд хэсэг хүртэл хөндлөн гулд туулна.

Нийт 5000 км урт замд зохион байгуулах ралли долдугаар сарын 16-нд Хятадын Дуньхуан хотод дуусна. Тус хот нь эрт үед Торгоны их замаар Хятад руу нэвтэрдэг хаалга болдог байжээ.

Хэвлэлийнхэнд болон оролцогчдод зориулсан танилцуулгыг арваннэгдүгээр сарын 21-нд Францын Парис хотод хийх аж.

2018 оны “Торгоны зам” ралли хоёр үе шаттайгаар Орос, Хятадын нутагт болсон билээ.
Холбоотой мэдээ