Агаарын бохирдлыг бууруулахад хийсэн шалгалтаар 72 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-23 14:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас “Цэвэр агаарын сан” болон агаарын бохирдлыг бууруулах талаар 2008-2016 онд хийсэн ажлын үр дүнд хийсэн шалгалтаар нийт 72 зөрчил илрүүлжээ.

Зөрчлийн дийлэх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, үр дүнг нэгтгэж дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй зэрэг байдал зонхилж буйг ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов. Мөн "Цэвэр агаар санг татан буулгасантай холбоотой зарим тушаал, эрх зүйн шийдвэр болон архивын баримт материал бүрэн бус, сангаас зарцуулсан хөрөнгө, төсөл арга хэмжээний үр дүн, үр нөлөөний талаар хяналт хийж, үнэлж байсан эсэх талаар баримт материал олдоогүйгээс сангийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэхэд бэрхшээлтэй байсныг ҮАГ-аас гаргасан тайланд дурджээ. “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь тооцоо судалгаагүй байдлаас үүдэлтэйг аудитын тайланд тусгажээ.


Нийслэлд агаарын бохирдол буураагүйд нөлөөлсөн зөрчил, шалтгааныг тоймлон хүргэвэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос эхлэн гаргасан хууль, эрх зүйн шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд болон Ерөнхий сайдын дэргэд тус бүр хоёр удаа, ажлын албыг БОАЖ-ын сайдын дэргэд мөн хоёр удаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих газар, албыг НЗД-ын дэргэд гурван удаа байгуулж, байнга бүтцийн нэгж солигдож, үйл ажиллагаа нь хангалтгүй явж ирснээр чиг үүргийн давхцал үүсч,  хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй байдалд хүрсэн байна.


Утаа бууруулах талаар судалгааны ажил хийж байсан боловч үр дүнг үнэлээгүй, хэрэгжүүлэх эсэхийг шийдээгүй орхижээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв болон “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн гараагүй байна гэж дүгнэжээ.


Сайжруулсан зуухны хэрэгцээ, зориулалтын түлшний нийлүүлэлтэд үндэслэн түлш үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцохгүйгээр гэрээ хийсэн, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан үйлдвэр ажиллаагүйгээр түлшний 22.4 хувийг нийлүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй байна. 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд Монгол гэрийн дулааныг алдагдуулахгүй, түлшний зарцуулалтыг багасгахын тулд гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр худалдан нийлүүлсэн боловч энэхүү ажлын үр дүн тодорхойгүй, дулаалгын ашиглалтын хугацааг тогтоогоогүй, зорилтот айл өрхөд нийлүүлэн ашиглаж байгаа эсэх талаар бүртгэл судалгаа байхгүй, хяналт тавьж ажиллаагүй байна. 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбосноос өөр утааны хорт ялгаралтыг бууруулах талаар дорвитой ажил хийгээгүй байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч заримынх нь бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна. 

 Тодруулга: Нийслэл хотын гэр хорооллын айл өрхийн тоо 2016 онд 2008 онтой харьцуулахад 1.4 дахин өссөн нь агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болсон байна. 

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ