Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-10-23 15:57:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө шөнө буюу аравдугаар сарын 23-нд Завханы зүүн хэсгээр, маргааш 24-ний өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Мөн өнөө шөнө Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Увс, Завханы нутаг, маргааш өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ аравдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ