Африкийн хамгийн залуу тэрбумтан суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-23 16:58:48
МОСКВА. /РИА Новости/. Аравдугаар сарын 11-нд Танзаньд хулгайлагдсан Африкийн тэрбумтан Мохаммед Девжи эсэн мэнд гэртээ харьсан тухай тус компани мэдээлжээ.

“Эсэн мэнд гэртээ эргэж ирсэндээ би Аллахад талархаж байна. Ард түмэндээ, дэлхийн бүх хүмүүст үйлдсэн залбиралынх нь төлөө талархаж байна. Танзанийн эрх баригчдад, миний аюулгүй байдлыг хангахад зүтгэсэн цагдаагийн хүчинд талархлаа” гэж “METL Group” компанийн “Twitter” дэх хуудсанд нийтлэгдсэн Девжигийн мэдэгдэлд дурдсан байна.

Үүний сацуу, хэзээ, ямар нөхцөлд Африкийн залуу тэрбумтныг сулласан тухай тодорхой мэдээлэл байхгүй байна.

Өдгөө 43 настай, "Mohammed Enterprises Tanzania Ltd" компанийг эзэмшигч Мохаммед Девжиг Дар-эс-Салам хотод тансаг зэрэглэлийн зочид буудлын бялдаржуулах танхим руу явах гэж байхад нь автомашины зогсоолд хулгайлсан гэж урьд нь мэдээлсэн билээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, гэмт этгээдүүд Девжиг машиндаа суулган агаарт хэд хэдэн удаа хий буудсаныхаа дараа зугтсан байна.

“Africa Times” сонинд урьд нь мэдээлж байснаар, цагдаа нар Девжиг хулгайлах үед автомашиныг жолоодож явсан этгээдийн хэн болохыг тогтоосон боловч баривчилж чадаагүй байна. Тэрбумтныг эрж хайхад тусалсан хүмүүст нэг тэрбум танзань шиллингийн /436 мянга орчим ам.доллар/ шагнал амласан боловч энэ мөнгийг төлсөн талаар мэдээлэл гараагүй юм.

Африкийн 11 оронд салбартай Танзанийн үндэстэн дамнасан “Mohammed Enterprises Tanzania Ltd” компани нь тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, нэхмэл болон барилгын салбарын хэд хэдэн үйлдвэрийг нэгтгэдэг.

“Forbes” сэтгүүл Девжигийн хөрөнгийг 1,5 ам.доллараар үнэлж, түүнийг Африкийн цорын ганц бөгөөд хамгийн залуу тэрбумтнаар нэрлэжээ.
Холбоотой мэдээ